БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Хятад, Монголын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав

2026-10-21 22:00

10 дугаар сарын 21-ний өдөр Ерөнхий консул Кэ Юушэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, боомтын үйл ажиллагаа болон Хятад, Монголын Ганцмод–Гашуунсухайт хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Тэрбээр Монголын талын боомтын захиргаа, хилийн цэрэг, гааль, ГИХГ-ын удирдлага, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-н төлөөлөлтэй уулзалт хийв.

Боомтын холбогдох байгууллагуудын удирдлагууд энэ онд авто замын боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн хэмжээ, зорчигчдын хөдөлгөөн, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон гаалийн бүрдүүлэлтийг цахимжуулах ажлын явцын талаар танилцуулав. Тэд хоёр улсын боомтын хамтын ажиллагаа нягт уялдаатай байж, гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг дээшилж, Хятад руу экспортлох нүүрс болон зэсийн баяжмалын хэмжээ нэмэгдсэнийг онцлов. Хил дамнасан төмөр замын төслийн талууд бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өгч, төслийн нийт гүйцэтгэл 65 хувьд хүрсэн бөгөөд саяхан бүх Т хэлбэрийн дамнурууг амжилттай угсарч дуусган, зам тавих ажлыг эхлүүлснийг танилцуулав. Одоогоор Хятад, Монголын хоёр талын бүтээн байгуулагчид нягт хамтран ажиллаж, төслийн ажлыг эрчимжүүлэн, ирэх онд төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахаар хичээн ажиллаж байна.

Ерөнхий консул Кэ Юушэн хэлэхдээ хилийн боомт бол Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал гарц болохыг тэмдэглээд, хоёр тал цаашид харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хилээр нэвтрэх үйл ажиллагааг улам хөнгөвчлөн, хоёр улсын худалдааны тогтвортой өсөлтийг дэмжих шаардлагатайг онцлов. Тэрбээр хил дамнасан төмөр зам нь Хятад, Монголын харилцан холбогдох, дэд бүтцийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой, бэлгэ тэмдэг болсон төсөл гэдгийг тэмдэглээд, хоёр улсын бүтээн байгуулагчдын хичээл зүтгэлийн үр дүнд төслийн ажилд ахиц дэвшил гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр тал хүчин чармайлтаа нэмэгдүүлж, төлөвлөгөөний дагуу өндөр чанар, стандартын түвшинд хил дамнасан төмөр замыг барьж дуусган, Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хувь нэмэр оруулахыг хүсэв.