БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Дорнод аймаг дахь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

2026-10-12 22:00

10 дугаар сарын 12-ны өдөр Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн Дорнод аймагт ажиллаж, Чойбалсан хотын 2 жижиг дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, цаашдын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцаж, Хятадын хөгжлийн боломжийг бүрэн ашиглах, гадаадын хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн технологи, хүчин чадлаа нэмэгдүүлэх, Хятадын зах зээлд нэвтрэх боломжоо өргөжүүлэхийг хүсэв.

Ерөнхий консул Кэ Юушэн “Уудам” бууз баншны үйлдвэрийн цехтэй танилцаж, тус аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудтай уулзан, санал бодлоо солилцов. Тус үйлдвэр нь 10 орчим ажилтантайгаар сард 3 тонн бууз, банш үйлдвэрлэн, орон нутгийн зах зээлд амжилттай борлуулж байна. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, борлуулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Мөн тэрээр “Үзэмчин өв” уламжлалт хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт шар будаатай сүүтэй цай, зөгийн бал, бяслаг зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, савлагаа, борлуулалтын үйл явцтай дэлгэрэнгүй танилцав. Тус үйлдвэр нь бүтээгдэхүүнээ голчлон Дорнод аймаг болон Улаанбаатар хотод борлуулдаг бөгөөд цаашид Хятадын зах зээлд нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.