БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар хоёр дахь удаагийн “Ерөнхий консулын нэрэмжит цом” хятад дууны уралдааныг амжилттай зохион байгууллаа

2026-09-19 21:00

9 дүгээр сарын 18-ны өдөр Хятад, Монгол хоёр улсын хооронд  дипломат харилцаа тогтоосны 77 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар хоёр дахь удаагийн  “Ерөнхий консулын нэрэмжит цом” хятад дууны уралдааныг Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын ордон болон Дүрсгүй Отголдой мини театртай хамтран зохион байгууллаа. Консулын тойргийн таван аймгаас нийт 40 гаруй сурагч холын замыг туулан хүрэлцэн ирж, өөрсдийн дуу хоолой, сэтгэл хөдөлгөм аялгуугаар Хятад, Монголын найрамдлын түүхийг өгүүллээ.

Ерөнхий консулын газрын Дэд ерөнхий консул Пань Ханьянь нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Хятад, Монголын харилцааны хөгжил болон хоёр орны хамтын ажиллагааны ололт амжилтыг танилцууллаа. Тэрээр энэхүү хятад дууны уралдаан нь хоёр орны соёлын солилцооны цонх төдийгүй залуусын авьяас, эрч хүчийг харуулах тайз болж байгааг онцлов. Мөн тэрээр сурагчдыг дуу хөгжмөөрөө дамжуулан Хятадын баялаг түүх,  соёлыг гүн гүнзгий мэдэрч, хятад хэлний яруу сайхныг ойлгон, итгэл даахуйц, хайр хүндэтгэл хүлээсэн Хятад орныг илүү бодитой танин мэдэхийг хүсэв. Мөн сурагчдыг хятад хэл сурах, сонирхох хүсэл тэмүүллээ хадгалж, Хятад, Монголын найрамдал, хамтын ажиллагаанд залуу үеийн эрч хүч, хувь нэмрээ оруулахыг уриалав.

Уралдаан халуун дотно уур амьсгалд  болж, ширүүн өрсөлдөөн, үзэгчдийн сонирхлыг татсан мөчүүд олон байлаа. Оролцогчид үндэсний болон гоёмсог хувцсаар гоён тайзнаа гарч, бүхий л сэтгэл зүрхээ дайчлан дуулж, өндөр түвшний дуулах ур чадвар болон хятад хэлний мэдлэгээ харууллаа. Зарим оролцогч үндэсний уламжлалт хувцас өмсөн, хятадын уламжлалт дуурийн аялгууг уран яруу илэрхийлсэн бол зарим нь бүжигтэй хослуулан эрч хүчтэй бүтээлүүдийг толилуулж, Хятадын соёлын талаарх өөрсдийн ойлголт, мэдрэмжээ олон янзын хэлбэрээр илэрхийлэв. Танхимд үзэгчдийн алга ташилт, баяр хөөрийн уухай тасралтгүй цуурайтаж, зураг авах бүрд гар утасны гэрэл анивчин, үзэгчид уралдааны гайхалтай мөч бүрийг гэрэл зурагт буулган үлдээж байлаа. Энэхүү уралдаан нь Хятад, Монголын хүмүүнлэгийн харилцаа, соёлын солилцоог улам гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд шинэ эрч хүч нэмлээ.