7 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн консулын тойргийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн платформд “Дэлхийн хиймэл оюуны засаглал шинэ шатанд гарч байна” гарчигтай гарын үсэгтэй өгүүлэл нийтлэв.
Нийтлэлд 2026 оны Дэлхийн хиймэл оюуны бага хурал болон Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний бага хурлын чухал үр дүнг танилцуулж, Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсаны ач холбогдлыг тайлбарласан байна. Мөн БНХАУ нээлттэй хамтын ажиллагааг тууштай баримталж, хиймэл оюуны хүртээмжтэй хөгжлийг дэмжин, дэлхийн хиймэл оюуны засаглалын тогтолцоог боловсронгуй болгоход идэвхтэй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэл, хариуцлагатай их гүрний байр суурийг харуулсан юм.
Нийтлэлийн бүрэн эхийг хүргэж байна:

Өнөөгийн ертөнцөд хиймэл оюун ухаан нь технологийн хувьсгалын гол хөдөлгөгч хүч болон хөгжиж, нийгмийн хөгжил дэвшлийг манлайлан, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг хурдасгаж байна. Үүний зэрэгцээ хиймэл оюун ухаантай холбоотой аюулгүй байдлын эрсдэл, засаглалын хэм хэмжээ, үр өгөөжийг хүртээмжтэй хуваалцах зэрэг асуудал олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд оржээ. Боломж, сорилт зэрэгцэн оршиж буй өнөө үед олон улс хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн засаглалыг сайжруулснаар хиймэл оюун ухааны хөгжлийг хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд үйлчлэх зөв чиглэлд хөтлөнө.
7-р сарын 16-ны өдөр БНХАУ-ын санаачилсан Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага Шанхай хотноо албан ёсоор үүсгэн байгуулагдлаа. Энэ нь Хятадын зүгээс дэлхийн өмнөд орнуудын уриалгыг хүлээн авч, олон улсын хамтын нийгэмлэгийг нэгтгэн хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын тогтолцоог байгуулах чиглэлд хэрэгжүүлж буй чухал бодит алхам бөгөөд хиймэл оюун ухааны хөгжлийн түүхэн дэх чухал үйл явдал болж байна. Нээлттэй, хүртээмжтэй олон улсын хамтын ажиллагааны энэхүү платформ нь харилцан туршлага солилцох, чадавх бэхжүүлэх, дэлхийн дижитал ялгааг багасгах, Хойд ба Өмнөдийн хөгжлийн зөрүүг бууруулах, шударга, оновчтой дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна.
7-р сарын 17-20-ны өдрүүдэд Шанхай хотноо 2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний уулзалт болж, 100 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид хиймэл оюун ухааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар санал солилцов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин үндсэн илтгэлдээ нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж, инновацид суурилсан хөгжлийг дэмжих, эрсдэлийн талаарх мэдлэгийг бэхжүүлж, аюулгүй байдал, хяналтыг хангах, соёл иргэншил хоорондын харилцан суралцах, хүртээмжтэй байдлыг дэмжих, дэлхийн засаглалыг хамтын хүчээр сайжруулах зэрэг санал дэвшүүлж, дэлхийн хиймэл оюун ухааны хөгжил, засаглалд хэрэгжихүйц Хятадын шийдлийг танилцууллаа. Мөн тэрээр ирэх таван жилийн хугацаанд хөгжиж буй орнуудад зориулан хиймэл оюун ухааны чиглэлээр 5000 сургалтын квот олгох, Олон улсын хиймэл оюун ухааны хэрэглээний хамтын ажиллагааны төв байгуулах зэрэг санаачилга дэвшүүлэв. Хятад улс цаашид ч нээлттэй байр суурь, бодит үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн улс орнуудтай хамтран хиймэл оюун ухааны хөгжлийн боломжийг ашиглаж, сорилтыг хамтдаа даван туулахад бэлэн байна.
Хятад улс хиймэл оюун ухааны инноваци, хэрэглээг идэвхтэй хөгжүүлж, хөгжил ба аюулгүй байдлыг зэрэгцүүлэн, инноваци ба засаглалыг уялдуулан хэрэгжүүлэх зарчмыг тууштай баримталж ирсэн. Өнөөдөр хиймэл оюун ухаан нь үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л салбарт өргөн хэрэглэгдэж, Хятадын ухаалаг технологийн салбарын хэмжээ 1 их наяд юаниас давж, хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоо 5000 гаруй болж, дэлхийд тэргүүлэгч компаниудын тоогоороо дээгүүрт бичигдэж байна.
Хятад улс олон улсын нээлттэй хамтын ажиллагааг тууштай дэмжиж, “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга”, “Хиймэл оюун ухааны чадавхыг бүх нийтэд хүртээмжтэй хөгжүүлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэн, Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллагыг байгуулахад түлхэц үзүүллээ. Эдгээр алхам нь хиймэл оюун ухааны технологийн ололт амжилт, хэрэглээний туршлагыг олон улсад хүртээмжтэй түгээж, хөгжиж буй орнуудын технологи, хүний нөөц, засаглалын чадавхын дутагдлыг нөхөхөд бодит дэмжлэг үзүүлж, хамтын хөгжил, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахад чухал ач холбогдолтой юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс ч мөн хиймэл оюун ухааны хөгжилд өндөр ач холбогдол өгч, цахим засаглал, ухаалаг боловсрол, дижитал дэд бүтэц зэрэг чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байна. Хятадын “15 дугаар таван жилийн төлөвлөгөө” хэрэгжиж, Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр Хятад, Монгол хоёр улс хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, ухаалаг боомт, хүний нөөц зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хоёр орны ард иргэдэд илүү үр өгөөжтэй хүргэх боломжтой болно.
Ухаалаг эрин үед хиймэл оюун ухааны хөгжил нь нэг улсын ганцаарчилсан тоглолт бус, харин дэлхийн хамтын ажиллагааны найрал хөгжим байх учиртай. Технологийн нэг талт хориг, шинжлэх ухаан, технологийн хамгаалалтын бодлого нь “ухаалаг хөгжлийн ялгаа”-г улам гүнзгийрүүлж, дэлхийн хиймэл оюун ухааны үйлдвэрлэлийн сүлжээг тасалдуулах эрсдэлтэй. Хятад улс нь дэлхийн бүх улс оронтой хамтран дэлхийн хиймэл оюун ухааны засаглалыг улам боловсронгуй болгож, инновацын үр өгөөжийг хүн төрөлхтөнд хүртээмжтэй болгон, хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний сайн сайхан, соёл иргэншлийн хөгжил дэвшлийг урагшлуулах хүчирхэг эерэг хүчин болгохын төлөө Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна.