Консулын тойргийн хэмжээнд зохион байгуулсан “Ханзны Мастер” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
6 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүд суманд консулын тойргийн хэмжээнд зохион байгуулсан “Ханзны Мастер” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг “Govinews” мэдээллийн сайт зохион байгуулж, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар дэмжин ажиллалаа. Энэхүү тэмцээнд консулын тойргийн аймгийн сурагчид идэвхтэй оролцож, ур чадвараа сорин өрсөлдлөө. Арга хэмжээнд Ерөнхий консул Кэ Юушэн болон Замын-Үүд сумын ИТХ-ын дарга О.Үүрцайх нар урилгаар оролцлоо.


Нээлтийн үеэр Ерөнхий консул Кэ Юушэн үг хэлэхдээ Хятад, Монголын хамтын ажиллагааны ахиц дэвшил болон “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр”-ийн талаар танилцуулж, ханз үсэг нь Хятадын соёл иргэншлийн олон мянган жилийн суурь төдийгүй Хятадын түүх, соёлыг тээгч үнэт өв болохыг онцлон тэмдэглэв. Тэрээр мөн Хятадын “15-р таван жилийн төлөвлөгөө” болон Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүс нь Хятад, Монголын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэдгийг дурдаад, хятад хэл сурах нь хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгцээ төдийгүй сурагчдын ирээдүйн хөгжлийн боломжийг өргөжүүлэх чухал хүчин зүйл болохыг онцоллоо. Тиймээс сурагчдыг хятад хэлийг сайн эзэмшиж, боломжоо ашиглан мөрөөдлийнхөө жигүүрээ дэлгэж гэрэлт ирээдүй рүү тэмүүлэхийг уриалав.

Тус тэмцээн нь уран уншлага, уран бичлэг, орчуулга зэрэг төрлөөр өрсөлдөөнтэй, халуун дулаан уур амьсгалаар дүүрэн болж өнгөрлөө. Оролцогчид идэвхтэй асуултад хариулж, авьяас чадвараа гайхуулсан бол үзэгчид анхааран үзэж, алга ташилтаар дэмжиж, шүүгчид оролцогчдын үзүүлбэрийг нухацтай шүүж, урам зориг хайрлан дүгнэлт өглөө.Оролцогчид ханз үсгийг харилцааны гүүр болгон ашиглаж, харилцан суралцаж, мэдлэг туршлагаа солилцон, энэхүү тэмцээнээр дамжуулан суралцах орчныг бүрдүүлсэн нь консулын тойрог дахь Хятад, Монголын соёлын солилцоог үр дүнтэйгээр ахиулахад чухал хувь нэмэр орууллаа.